Асуулт Хариулт

А: Үр шилжүүлэн суулгах ажилбар (IVF) буюу хуруу шилний хүүхэд гэж юу вэ?


Х: Үр шилжүүлэн суулгах ажилбар буюу хуруу шилний хүүхэд ажилбар нь өндгөн эс, эр бэлгийн эсийг лабораторийн нөхцөлд эвцэлдүүлж эвсэл үр буюу үр хөврөлийг үүсгэн тусгай нөхцөлд өсгөвөрлөж улмаар эмэгтэйн умайн хөндийд шилжүүлэн суулгах ажилбар юм.

А: Умайн хөндийд эр эсийг цацах ажилбар (IUI) гэж юу вэ?


Х: Тухайн эмэгтэйн үр дамжуулах хоолой нь нээлттэй буюу үйл ажиллагаагаа хэвийн явуулж буй тохиолдолд өндгөн эс боловсрох үетэй давхцуулан эр бэлгийн эсийг умайн хөндийд цацах ажилбар юм.

А: Ихэр хүүхэдтэй болж болох уу? Үнэ нь өөр байх уу?


Х: Өндгөвчний сэдээлт эмчилгээ, үр шилжүүлэн суулгах эмчилгээний явцад үүссэн үр хөврөлийн тоо, чанараас хамааран үйлчлүүлэгчийн хүсэлт болон эмбриологич, эмчлэгч эмчийн шийдвэрээр хоёр ба түүнээс дээш тооны үр хөврөлийг умайн хөндийд суулгах боломжтой. Хэдэн үр хөврөл суулгаснаас хамааран үнийн дүнд өөрчлөлт ордоггүй.

А: Хүүхдийн хүйсийг сонгож болох уу?


Х: Үр тогтсон үр хөврөл ямар хромосомтой (ХY-эрэгтэй, ХХ-эмэгтэй) тодорхойлох шинжилгээ байдаг хэдий ч нэгдүгээрт эсийн чанарт сөргөөр нөлөөлдөг, хоёрдугаарт жендерийн эрх тэгш байдлыг хүндэтгэх хэрэгтэй гэж үздэг учраас шаардлагагүй тохиолдолд энэхүү шинжилгээг хийхээс татгалздаг.

А: Үр шилжүүлэн суулгах эмчилгээнд хэр хугацаа шаардлагатай вэ?


Х: Өндгөн эсийн сэдээлт эмчилгээний онцлогоос хамааран харилцан адилгүй байдаг бөгөөд тогтмол нэг удаагийн (цикл) эмчилгээ хийгдэх шаардлагатай дундаж хугацаа 14-21 хоног (хувь хүнээс хамаарна) үргэлжилнэ.

А: Эмчилгээний явцад өвдөлт болон бусад зовуурууд үүсэх үү?


Х: Үр шилжүүлэн суулгах эмчилгээний явцад олон удаагийн давтан тариа хийлгэх шаардлага гардаг хэдий ч тарианы зүү нь тухайн хүнд хатгалтын өвдөлт мэдрүүлэхгүй байхаар жижиг хийгдсэн байдаг. Өндгөн эс гаргах ажилбарын явцад богино хугацааны (5-10 минут) мэдээгүйжүүлэлт (унтуулаг) хийдэг тул өвдөлт мэдрэхгүй.

А: Эрэгтэй шалтгаант үргүйдэлтэй үед яах вэ?


Х: Эрэгтэй шалтгаант үргүйдэл элбэг тохиолддог бөгөөд үрийн шингэнд эр бэлгийн эс илрээгүй тохиолдолд TESE буюу төмсөгнөөс эд авч, эр бэлгийн эсийг гаргаж авах ажилбар хийдэг. Уг ажилбар амжилттай болсон тохиолдолд  үр шилжүүлэн суулгах ажилбар (IVF) хийлгэх боломжтой.

А: Эр, эм бэлгийн эс, үр хөврөлийг хэдий хугацаагаар хадгалах вэ?


Х: Үр хөврөлийг 5 жил хүртэлх хугацаагаар хадгалах гэрээ хийгддэг бөгөөд үйлчлүүлэгчийн хүсэлтээр цааш сунгах боломжтой. Эр, эм бэлгийн эсийг дангаар нь хадгалснаас үр хөврөл үүсгэн хадгалах нь илүү тогтвортой байдаг.

А: Жирэмсэн эхчүүдээ хэдэн долоо хоног хүртэл хянадаг вэ?


Х: Жирэмсний 24 долоо хоног хүртэлх хугацаанд хянах ба шаардлагатай шинжилгээ, эмчилгээг хийдэг.

А: Охид, эмэгтэйчүүд, цэвэршилт, бэлгийн замаар дамжих халдвар, жирэмсний хяналтын асуудлаар хандаж болох уу?


Х: Манай эмнэлэг нь эмэгтэйчүүдийн болон эрэгтэй үргүйдлийн бүхий л төрлийн үзлэг, шинжилгээ, оношлогоог чанарын өндөр төвшинд үзүүлж байна. Тиймд дээрх төрлийн тусламж үйлчилгээг үзүүлнэ.